Ерөөсөө ийм нэг юм нь манайхныг ёстой өөд нь гаргахгүй байх шиг надад санагдаад байдаг юмаа. Тэр нь юу вэ гэхээр хамтарч, бие биендээ дэм болж, хэн нэгэнд итгэл хариуцлага өгч ажиллаж чадахгүй байгаа энэ нэг хөгийн зан л Монголчуудыг алаад байна л даа. Яг нөгөө тамын тогооны үлгэр гээчээр.

Тэр нээрээ их хөөрхөн ёжлол шүү. Тамд улс улсаар нь нэг нэг тогоонд хийгээд л учиргүй олон мангас, чөтгөрүүдэд сэрээ, сэлэм бариулаад мануулдаг. Нөгөөдүүл нь гарч ирэх гээд байгаагуудыг нь цааш нь түлхэж унагаадаг. Яахав хүмүүс бие биенээ дэмжээд гарчих гээд байдаг юм байна л даа. Гэтэл нэг тогооны хажууд ямар ч чөтгөр байхгүй. Тэгсэн тэр нь Монголын тогоо гэнээ. Гайгүй нэг нь гарах гээд ирэхээр л нөгөөх нь татаад унагачихдаг ухамсар өндөртэй ард түмэн тул эрлэг номун хаан цалингийн төсвөө хэмнээд чөтгөр мөтгөрөөр мануулаагүй байгаа юм.

Тэгээд би бодлоо яагаад Монголчууд хамтарч ажиллахдаа муу юм, яагаад бид замын хөдөлгөөнд соёлтой оролцдоггүй юм, яагаад бид нар хогоо хамаагүй хаядаг юм гээд л бодоод байхаар ганц л дүгнгэлтэнд хүрээд байна даа.

Юу гэхээр энэ чинь бидний цусанд байгаад байнаа. Бид чинь нэлээд хэдэн жил ч юмуу зуун ч юмуу яг хар толгойгоо даагаад амьдраад ирсэн түүхтэй юм байна л даа. Жишээлбэл нэг Балдан гэдэг нөхөр бол эхнэр гурван хүүхэд, хөгшин эхтэйгээ цуг уулын мухарт амьдарна. Тэгээд малаа ч өөрөө хариулна, хадлангаа ч өөрөө авна, хүнсээ ч өөрөө л цагаан идээ, махаараа болгоно. Хааяа төв газарлуу ганцаараа шогшиж очоод цай, давс, даавуу даалимба, гурил будаагаа малынхаа түүхий эдээр солиод авчихана.

Ингээд л бүх юмаа өөрөө хийдэг зан нь бүүр цусанд нь шингэчихсэн юм байна. Тийм болохоор л хүнд итгэдэггүй, хэн нэгэнтэй хамтарч юм хийж чаддаггүй юм байна.

Мөн дандаа л уудам талаараа уртын дуу аялан хөтөлгөө морьтой давхиж явсан хүмүүс чинь энэ ногоон гэрэл, цагаан шугаманд дасахгүй байна шүү дээ.

За тэр хогны хувьд бол байнга л экологийн цэвэр хог гаргаад тэрийгээ хаа хамаагүй жалгандаа хаячихдаг байсан хүмүүс мөн л тэр сэтгэхүйгээрээ хаа хамаагүй хогоо хаяад байна.

Тэгэхээр миний ард түмэн хурдхан шиг нүүдэлчин соёлоосоо суурин соёлруу шилжих /мэдээж яг хөдөөнөө амьдарч байгаа иргэд бол биш шүү/ хэрэгтэй байна даа. Энэ ч "заа май энэ хогийн дискээ ав" гээд гаргаад хаячихдаг эд биш болохоор бас цаг хугацаа шаардагдана. Одоо сүүлийн үеийн хүүхдүүд бол арай л өөр болж байгаа. Магадгүй 10 жилийн дараа Улаанбаатар маш цэвэрхэн хот болох байхаа. Бас Монголчууд хамтран бие биедээ итгэлцэн ажиллаж сурах байх. Замын хөдөлгөөндөө ч хүлээцтэй, соёлтой оролцож сурах байх.

Энэ хугацааг наашлуулж болох тул хувь хувьдаа хичээцгээе дээ. Залуусаа.