Утаанд үр удмаа "таслуулах" уу

-Агаарын бохирдлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзье-

Улаанбаатарт дайн болж байна. Хүмүүс бие биетэйгээ цус асгаруулан тулалдаагүй ч жил ирэх бүр хорвоог орхих хүний тоо нэмэгдэж, иргэдийн амьдрах хугацаа хороогдсоор байна.

Бидний дайсан бол утаа. Өнөөдөр стратегийн орд газрууд, хүнсний аюулгүй байдал зэргийг улс орны үндэсний аюулгүй байдалтай холбогдох чухал асуудал хэмээн ярьж байна. Гэтэл нийт хүн амын бараг тал хувь нь оршин суудаг нийслэлийн агаарын бохирдлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэлгүй өдий хүрэв, бас олон иргэнээ алдлаа. Ард түмний амь амьдрал, эрүүл мэндтэй холбоотой ямар ч асуудал үндэсний аюулгүй байдалтай шууд холбогдох учиртай. Учир нь иргэн үгүй бол улс орон оршин тогтнохгүй.

Улиг болтол яригдсан энэ утаатай бид олон жил "дайтсан" ч урагш нэг ч гишгэсэнгүй. Харин ч хүчин мөхөсдөж, утаа улам л өтгөн, гашуун болж байна. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн амьд явах эрхтэй хэмээн заасан байдаг. Иймээс манай сонин уг сэдвийг хөндөн тавьж, иргэдийн эрүүл мэнд, үр хойчийнхоо ирээдүйн төлөө тогтмол булан хөтлөн явуулахаар боллоо.

Ойрын өдрүүдэд эрс хүйтэрч байна. Үүнийг дагаад агаарын бохирдол ч нэмэгдэх болов. Өглөөд ажил руугаа, оройд гэр рүүгээ явахад бараан саарал утаа орчныг харанхуйлж, хоолой хорсгон, дотор бачимдуулж байна.

Амыг нь зузаан ороолтоор хичнээн сайн халхалж ороосон ч бяцхан хүүхдүүд цэцэрлэг хүрэх замдаа нүднээсээ нулимс гартал ханиалгаж байна. Шөнө унтаж байхад угаар үнэртэх нь түгшүүртэй. Сүүлийн жилүүдэд утаа нялх үрсэд маань илт заналхийлэх болов. Жирэмсэн эмэгтэйчүүд нийслэлд байхаас эмээж байгаа. Учир нь агаарын бохирдлоос болж нярай шар туяатай төрөх болж. Хэрэв шар туяа арилахгүй бол нүд нь ногоорох аюултай гэсэн. Мөн утаанаас болж нярай эндэх тохиолдол цөөнгүй гарах болжээ.

Утаанд өсч, торнисон эрэгтэй хүүхдүүд том болоод үргүй болох магадлалтай хэмээн эмч нар анхааруулж байна. Энэ бол аймшигтай мэдээ. Түүнчлэн, агаарын бохирдол өндөр настан,
багачуудын дархлааг сулруулж, өвчлөмтгий болгож байна. Дэлхий нийтийг цочроосон гахайн ханиад манай улсад хурдацтай тархаж, 30 орчим хүнийг авч одоход утааны "хувь нэмэр" их байсан. Иймээс агаарын бохирдол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдахад хүрчээ.
Төрөөс утаатай тэмцэх зорилгоор Агаарын чанарын алба байгуулав. Ингээд 2006 оноос хойш зургаан тэрбум гаруй төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулаад байна.

Хариуд нь агаарын бохирдол улам нэмэгдлээ. Нөгөөтэйгүүр, дээрх мөнгө үнэхээр зориулалтын дагуу, зөв зүйлд зарцуулагдаж чадсан уу гэдэг нь эргэлзээтэй. Агаарын бохирдлыг бууруулах "амин сүнс" нь шахмал түлш гээд 2008 онд үйлдвэрүүдэд олон сая төгрөг өгсөн. Гэтэл улсын хөрөнгө, шахмал түлштэйгээ замхрав. Дээрх шахмал үйлдвэрүүдийн хэрэг одоо хүртэл шүүхээр шийдэгдээгүй байна. Мөн айлуудад дулаалга тараасан, "утаагүй" зуух өгсний үр дүн хаана "явааг" асуумаар байна.

УИХ гурван жилийн өмнө 46 дугаар тогтоол гарган, Засгийн газарт үүрэг чиглэл өгсний дагуу тус 2007,2008 онд хоёр бичиг баримт боловсруулсан.

46 дугаар тогтоолоос хойш холбогдох нийт 12 хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн ч нэг ч хуульд шинэчлэлт, өөрчлөлт гарсангүй. Энэ нь агаарын бохирдлыг бууруулахад УИХ, Засгийн газар анхаарал олигтой тавихгүй байгаа жишээ. Өөрөөр хэлбэл, сэтгэл гаргахгүй байна. Д.Дэмбэрэл дарга аа, агаарын бохирдлыг бууруулахад гаргасан хөрөнгө, энэ талаар хуралдаж, хэлэлцсэн үнэт цаг хором тань салхинд хийсчээ.

Агаарын бохирдлыг бууруулах нь хэсэг хүний асуудал биш. Нийтийн өмнө тулгарч буй, зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай зүйл юм. Бид барилга, дэд бүтцээ хариуцна гээд Зам, тээвэр барилга хот байгуулалтын яамныхан нуруугаа харуулах ёсгүй. Боловсролын асуудал л зөвхөн манайд хамаатай гээд утааны талаар үг унагахгүй байх ёсгүй, Боловсрол, соёл шинжлэх ухааны яамныхаан. Оюутолгой л чухал байна гээд утааны асуудлыг түлхэж болохгүй Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхаан. Утаа бүгдэд хамаатай. Мөн хамтарч ажиллах шаардлагатай. Салбар болгоны сайдууд агаарын бохирдлыг бууруулахад үүрэг хүлээж, зохих түвшинд ахиц гаргах хэрэгтэй байна. Мөн нэг нэгнийхээ хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавьж, хийгээгүй бол шаардлага тавьж сурах нь зүйтэй мэт.

Юуны өмнө агаарын бохирдлыг шалтгааныг ул суурьтай тогтоох нь чухал аж. Үүнийг уншаад иргэд "шалтгааныг тогтоож ядах юу байна. Гэр хорооллынхон буруутай" гэж хэлэх байх. Тэгвэл гэр хороолол яагаад тэлээд байна. Энэ нь иргэдийн амьжиргаатай холбогдож байна уу. Орон сууц барилаа гэхэд орж чадах мөнгөтэй хүн байна уу, Яагаад хөдөөнөөс иргэд шилжиж ирээд байна. Орон нутагт амьдрахад юу болохгүй байна гэх зэргээр агаарын бохирдол олон салбар шалтгаанаас үүдэлтэй. Үнэхээр иргэдийн амьжиргаа дээшилж, орлоготой болохгүй бол тэд нүүрсээ түлсээр л байна. Орон сууцанд орох нь мөрөөдөл төдий болно. Тэгвэл энэ бүхнийг салбар бүрээр хамтарч ярилцах, шийдвэрлэх арга замыг тодорхойлох нь чухал аж. Үүнд манай сонин хувь нэмрээ оруулж, сэдэв болгон авч явна. Уншигч таны санал ч үнэтэй хувь нэмэр болно.

Титэм үг

Н.БАГАБАНДИ

Өглөө болж нар мандан таны амьдралын нэгэн шинэ өдөр эхэллээ. Энэ өдөр тайван чөлөөтэй, сэтгэлийн тэнхээтэй байвал таны үйлс бүтэмжтэй байх болно. Орой нойрсохынхоо өмнө өдрийн амьдралаа зурвасхан ч болов эргэж дурсаарай”. Энэ бол миний дотно нөхөр Шагдарын Отгонбилэгийн хэлсэн үг. Тэр хэлсэн, ярьснаа хийж хэрэгжүүлдэг, ам ажил нь зөрдөггүй, за гэвэл ёогүй, дайчин шуурхай, жинхэнэ эр хүн байсан юм.

Залуус та нар өдрийн явдлаа шөнө бодож, алдаагаа дэнсэлж, оноогоо бататгаж сурвал миний анд нөхрийн нэгэн адил бахархам бүтээлч амьдралыг бахдам амжилттай туулах нь гарцаагүй. Хүнд тоотой нас, төөтэй бие заяадаг гэдэг. Нэгэн насны амьдрал гэдэг нь өдөр бүрийн амьдралын нийлбэр юм. Тиймээс өдөр бүрийг үр бүтээлтэй өнгөрөөхийг эрмэлзэх нь хүүхэд, залуус та бүхний амьдралдаа хэвшүүлэх сайн дадал хэвшил байх учиртай.

“Үүрийн гэгээ бүрийг чи амьдралдаа эхлэл мэт, үдэш нар шингэх бүрийг амьдралынхаа төгсгөл мэт харж бай. Эдгээр богинохон амьдрал бүхэн чинь ямар нэгэн сайн үйлс, өөрийгөө дийлсэн ялалт, шинээр олж авсан мэдлэгээр онцгойлон тэмдэглэгдсэн байвал зохино” гэж нэрт нийтлэлч бичсэн байна. Хүний хүсэл мөрөөдөлд хязгаар үгүй. Онцгой, аугаа зүйл бүтээхсэн гэдэг хүсэл мөрөөдөл бодож сэтгэдэг хүн бүрийн ухаан бодолд эргэлдэх нь зүйн хэрэг. Харамсалтай нь ийм хувь тавилан маш цөөхөн хүнд тохиож, магнайг тэнийлгэн баярлуулдаг. “Би ямар нэгэн онцгой аугаа зүйл бүтээе гэж ер хүсдэггүй. Зүгээр л амьдарч, мөрөөдөж, найдаж юм бүхэнд амжиж явахыг хүсдэг. Амьдрал богинохон. Түүнийг сайхан өнгөрөөх хэрэгтэй” гэж Оросын аугаа их зохиолч А.П.Чехов хэлжээ. Амьдралаа сайхан өнгөрөөхийг хүсдэггүй хүн энэ орчлонд үгүй. А.П.Чеховын зохиол бүтээлийг хэзээ ч уншиж байгаагүй миний танил нэг залуу саяхан “Би язарч таргалтлаа баяжмааргүй, ягтаа тултлаа ядуурмааргүй байна. Зүгээр л зайлшгүй хэрэгцээт зүйлээ шаардлагатай цагтаа зовлонгүй худалдаад авчих бэл чадалтай, жирийн нэг сайхан амьдралтай байвал болох нь тэр. Тийм жирийн сайхан амьдралын төлөө чадах бүхнээ хийж, мэрийн хичээн зүтгэнэ” гэж чин сэтгэлээсээ ярьсан яриаг ихэд тоон, ихээхэн олзуурхан сонссон билээ.

Өдрийн явдлаа шөнөдөө бодохдоо хэнтэй юу ярьснаа эрэгцүүлэн санаж байвал үгний алдаандаа дахин дахин бүдрээд байхгүй болоход чинь тустай. “Хүн бага ярилаа гээд гэмших нь ховор, харин ч дэндүү олон үг хэлчихлээ гэж харамсах нь олонтаа. Энэ бол бүхний мэдэх хуучны үнэн ч хүмүүс үүнийг дандаа мартдаг”. “Ямар үг хэлнэ, хариуд нь тийм л үг сонсох болно” гэдгийг ухаарч, үс босч, зүрх шимшрэм үг хэлж бусдыг гомдоох огт хэрэггүй. “Байндаа туссан сум шиг оночит үг – сэцэнийх , банзаа ч онодоггүй сум шиг олиг үг – тэнэгийнх” гэж хэлсэн нэрт зохиолчийн сургаалаас санаа авч, тэр өдрөө бусдаас сонссон оночит үг, олиг үгийг ялган салгаж, сэцэний хэлсэн ончтой тустай бүхнийг ой ухаандаа тогтоож авбал дуулсныг хураавал эрдэм болон ач тусаа багц багцаар өгнө. Сонсох бүрт чамд баяр баясгалан төрдөг хүнийхээ ухаант үгийг шунан шимтэн сонсохдоо цаг заваа хайрлах хэрэггүй, харин хэлэх нь хэрүүл мэт, хилэгнэх нь галзуу мэт хүний үгийг сонсох цаг зав гаргах хэрэггүй. Эрдэмт мэргэдийн айлдсан нэг үдшийн сургаал эргүү миний арван жил уншсан номноос давна гэх үг бий.

Өдөр юу хийж, юу бүтээв гэдгээ үдэш нь эргэн бодож сурвал, өнөөдөр хийж дуусгаагүйгээ маргааш гүйцээхэд, өнөөдөр хийгээгүйгээ маргааш хийхэд, цаашлаад бүр давсан ихийг хийж бүтээхэд тус болно. Энэ өдөр хийсэн өөрт хэрэгтэй, өргөн олонд тустай сайн үйлс бүхэндээ санаа амар, сэтгэл хангалуун бай. Эндээс илүү ихийг бүтээх эрч хүчийг олно. Хийсэн бүтээлгүй, хий холхин шал дэмий өнгөрөөсөн өдрийнхөө хойноос харамс. Дараа бүр илүү харамсахгүй байхын чинь дархлаа болж өгнө. “Хүн хийж бүтээхийн тулд төрсөн. Юм хийхгүй байх, амьд явахгүй байх хоёр нь хүний хувьд нэг л зүйл юм”. Нэгэн өдрийн эндэгдэл мянган өдрийн харуусал дагуулдаг тул бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэхүйц буруу зөрүү үйлдэл үйлдэж, алдаж эндсэн бол сэтгэлийн гүндээ буруугаа хүлээн гэмшиж, нүглээ наманчилан цайруул. Гэхдээ бүх хүнд таалагдах гэж хий хоосон, хиймэл зохиомол дүр эсгэх хэрэггүй. “Хамгийн инээдтэй хүсэл бол хүн бүхэнд таалагдах хүсэл”. Хэн ч гэсэн өөрийн сул талыг мэддэг, мэдэрдэг байх шаардлагатай. Өндөг шиг өөгүй, сул талгүй арван хуруу тэгш хүнийг энэ хорвоогоос эрээд олохгүй. Бардам ихэрхүү зандаа баригдаж хүлэгдсэн хүн сул талаа мэдэрдэггүй, мэдэхийг ч хүсдэггүй. Түүнээсээ болж алд дэлэм алддаг. Сул талаа мэддэг хүн түүнээсээ болж том алдахаас аврагдана. “Өнгөрсөн үеэ хэдийчинээ бүрэн дүүрэн ухамсарлана, орчин цагаа бид төдийчинээ тодорхой ойлгож чадна. Нэгэнт үеэ өнгөрөөсөн зүйлсийн утга учирт гүнзгий нэвтэрснээр хожим ирээдүйн утга учрыг нээн олно. Эргэж харж байж л бид урагшаа алхана”.

Өдрийн явдлаа шөнөдөө бодохын зэрэгцээ маргаашийн явдлаа өнөөдөр, ирээдүйн хэргээ одоо бод. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй ч өөдрөг сэтгэлээр үйл хэргээ бодож төлөвлө. Урьдчилан төлөвлөнө гэдэг амжилтын эх үндэс. Бодож төлөвлөсөн ажил нурж бүтэлгүйтлээ ч сэтгэлээр хэзээ ч битгий уна. “Бүх юм нэгэнт өнгөрсөн хойно ч гэсэн ирээдүй ямагт үлддэг”. Хийх гэж байгаа ажил үйлс чинь хэчнээн хүнд бэрхээр төсөөлөгдлөө ч зүрх сэтгэлдээ асч байгаа итгэл найдварын гал руу ус цацаж болохгүй, харин ч улам хүчтэй асаан дүрэлзүүлэх хэрэгтэй. “Бидэнд байдаг хамгийн нийтлэг зүйл юу вэ? Найдвар. Юу ч байхгүй хүнд ч гэсэн найдвар байдаг”. Бэрхийг давж, бэлээс оргилд хүрэх найдвараа үргэлж тордож хадгал. Муу юманд ч сайны эд эс хадгалаастай бий. Учрах бэрхшээл мэдээж хэрэг урам тэтгэх сайн зүйл биш. Гэхдээ “бэрхшээл уг бэрхшээлийг туулж гарах чадварыг төрүүлдэг”. Тэрхүү чадвар нь дараа дараачийн бэрхшээлийг даван туулахад тулах тулгуур, гишгэх шат, зүтгэх хүч болж өгнө. Бэрхшээл зовлонгийн өмнө хэзээ ч өвдөг бүү сөхөр. Харин ч өөдөөс нь хэд дахин эрс зоримог угтаж сөрөн тэмцэж байж ялж дийлж гарна. “Зовлон хулчгар хүнтэй л ижил, айж ширвээдсэн хүмүүсийн араас тэр салахгүй мөрдөж, өөдөөс нь зоригтой алхсан хүнээс үтэр зугтдаг”. “Муу зуршлыг маргааш биш, өнөөдөр хазаарлахад амархан” байдгийн адил тулаад ирсэн шийдэх ёстой асуудлыг маргааш биш нэн даруй шийдэж сурвал маш ихийг хожих болно. Ялихгүй жижиг асуудлуудыг ч дор дор нь шийдэж байхгүй бол яршиг түвэгтэй том асуудал болон хувирна. Эгзэгтэй асуудлыг буруу шийдвэл эцэст нь бүх ажил нурна.

Угтах өдрүүдийн тухай урьдчилан төсөөлөхдөө өөрт хэрэг болох бүх зүйлсийн тухай чихэлдүүлэн давхцуулан бодох хэрэггүй. Харин түүнгүйгээр байж чадахгүй тийм зүйлсийн тухай эхлээд бод. Яагаад гэвэл хэрэг болох зүйлс учир тоймгүй их. Хүссэн бүхнээ нэгэн далайлтаар шийдэж чадахгүй болохоор зайлшгүй хэрэгцээт зүйлээ эхний ээлжинд бий болгох зорилгоо тодорхойл. “Хэрэв зорилго үгүй бол чи юу ч хийхгүй. Хэрэв зорилго чинь олигтой биш бол, аугаа ихийг бүтээхгүй”. Багаас ихэд хүрдэг, намаас өндөрт ахидаг нь үнэн боловч байнга жижиг зүйлээр оролдож, томд тэмүүлэх мөрөөдлөө хаяж хэрхэвч болохгүй. “Бага зүйлд хэтэрхий автсан хүн их зүйл бүтээх чадваргүй болчихдог юм”. Тэгээд ч өчүүхэн бага хэргийг бүтээчихэж чадахгүй хүнд үлэмж томыг бүтээх боломж заяахгүй. Холын ирээдүйг ойртуулж, хожмын хэргийг дөтлүүлэхийн тулд аль болох ихээр, аль болох хүчтэй мөрөөдөх хэрэгтэй. “Зоримог мөрөөдлөөс өөр юу ч ирээдүйг бүтээхэд тусалж чадахгүй”. Гэгээн цагаан мөрөөдөл нь гэрэлт ирээдүй өөд замнах сэдэл тэмүүллийг эрчилж өгнө. Хүрэхийг зорьсон хүсэл мөрөөдөлгүй хүн хөөргөх далавч нь гэмтсэн шувуу мэт. “Хэрэв юунд хүрэхийг хүсч байгаа нь тодорхой бус бол ямар ч үйл хэргийг сайн гүйцэтгэж чадахгүй”. Тийм болохоор хаана хүрэх, юунд зорихоо багцаагаар ч болов бодож тооцож байж амьдралын хөлгүй далайд сэлүүргүй завьтай орохоос хамгаалагдана. “Амьдрал бол ариун нандин ч биш, бузар муухай ч биш, сайн муугийн хольц. Чи алин руу нь хэлбийлгэн хувиргахаас л бүх зүйл шалтгаална”. Өдрийн явдлаа шөнөдөө бодон тунгааж, маргаашийн явдлаа өнөөдөр бодон эрэгцүүлж хэвшвэл амьдралаа сайн тал руу нь хэлбийлгэхэд үлэмж их тус нэмэр болно гэдгийг санаарай.