-Агаарын бохирдлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзье-

Улаанбаатарт дайн болж байна. Хүмүүс бие биетэйгээ цус асгаруулан тулалдаагүй ч жил ирэх бүр хорвоог орхих хүний тоо нэмэгдэж, иргэдийн амьдрах хугацаа хороогдсоор байна.

Бидний дайсан бол утаа. Өнөөдөр стратегийн орд газрууд, хүнсний аюулгүй байдал зэргийг улс орны үндэсний аюулгүй байдалтай холбогдох чухал асуудал хэмээн ярьж байна. Гэтэл нийт хүн амын бараг тал хувь нь оршин суудаг нийслэлийн агаарын бохирдлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэлгүй өдий хүрэв, бас олон иргэнээ алдлаа. Ард түмний амь амьдрал, эрүүл мэндтэй холбоотой ямар ч асуудал үндэсний аюулгүй байдалтай шууд холбогдох учиртай. Учир нь иргэн үгүй бол улс орон оршин тогтнохгүй.

Улиг болтол яригдсан энэ утаатай бид олон жил "дайтсан" ч урагш нэг ч гишгэсэнгүй. Харин ч хүчин мөхөсдөж, утаа улам л өтгөн, гашуун болж байна. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн амьд явах эрхтэй хэмээн заасан байдаг. Иймээс манай сонин уг сэдвийг хөндөн тавьж, иргэдийн эрүүл мэнд, үр хойчийнхоо ирээдүйн төлөө тогтмол булан хөтлөн явуулахаар боллоо.

Ойрын өдрүүдэд эрс хүйтэрч байна. Үүнийг дагаад агаарын бохирдол ч нэмэгдэх болов. Өглөөд ажил руугаа, оройд гэр рүүгээ явахад бараан саарал утаа орчныг харанхуйлж, хоолой хорсгон, дотор бачимдуулж байна.

Амыг нь зузаан ороолтоор хичнээн сайн халхалж ороосон ч бяцхан хүүхдүүд цэцэрлэг хүрэх замдаа нүднээсээ нулимс гартал ханиалгаж байна. Шөнө унтаж байхад угаар үнэртэх нь түгшүүртэй. Сүүлийн жилүүдэд утаа нялх үрсэд маань илт заналхийлэх болов. Жирэмсэн эмэгтэйчүүд нийслэлд байхаас эмээж байгаа. Учир нь агаарын бохирдлоос болж нярай шар туяатай төрөх болж. Хэрэв шар туяа арилахгүй бол нүд нь ногоорох аюултай гэсэн. Мөн утаанаас болж нярай эндэх тохиолдол цөөнгүй гарах болжээ.

Утаанд өсч, торнисон эрэгтэй хүүхдүүд том болоод үргүй болох магадлалтай хэмээн эмч нар анхааруулж байна. Энэ бол аймшигтай мэдээ. Түүнчлэн, агаарын бохирдол өндөр настан,
багачуудын дархлааг сулруулж, өвчлөмтгий болгож байна. Дэлхий нийтийг цочроосон гахайн ханиад манай улсад хурдацтай тархаж, 30 орчим хүнийг авч одоход утааны "хувь нэмэр" их байсан. Иймээс агаарын бохирдол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдахад хүрчээ.
Төрөөс утаатай тэмцэх зорилгоор Агаарын чанарын алба байгуулав. Ингээд 2006 оноос хойш зургаан тэрбум гаруй төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулаад байна.

Хариуд нь агаарын бохирдол улам нэмэгдлээ. Нөгөөтэйгүүр, дээрх мөнгө үнэхээр зориулалтын дагуу, зөв зүйлд зарцуулагдаж чадсан уу гэдэг нь эргэлзээтэй. Агаарын бохирдлыг бууруулах "амин сүнс" нь шахмал түлш гээд 2008 онд үйлдвэрүүдэд олон сая төгрөг өгсөн. Гэтэл улсын хөрөнгө, шахмал түлштэйгээ замхрав. Дээрх шахмал үйлдвэрүүдийн хэрэг одоо хүртэл шүүхээр шийдэгдээгүй байна. Мөн айлуудад дулаалга тараасан, "утаагүй" зуух өгсний үр дүн хаана "явааг" асуумаар байна.

УИХ гурван жилийн өмнө 46 дугаар тогтоол гарган, Засгийн газарт үүрэг чиглэл өгсний дагуу тус 2007,2008 онд хоёр бичиг баримт боловсруулсан.

46 дугаар тогтоолоос хойш холбогдох нийт 12 хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн ч нэг ч хуульд шинэчлэлт, өөрчлөлт гарсангүй. Энэ нь агаарын бохирдлыг бууруулахад УИХ, Засгийн газар анхаарал олигтой тавихгүй байгаа жишээ. Өөрөөр хэлбэл, сэтгэл гаргахгүй байна. Д.Дэмбэрэл дарга аа, агаарын бохирдлыг бууруулахад гаргасан хөрөнгө, энэ талаар хуралдаж, хэлэлцсэн үнэт цаг хором тань салхинд хийсчээ.

Агаарын бохирдлыг бууруулах нь хэсэг хүний асуудал биш. Нийтийн өмнө тулгарч буй, зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай зүйл юм. Бид барилга, дэд бүтцээ хариуцна гээд Зам, тээвэр барилга хот байгуулалтын яамныхан нуруугаа харуулах ёсгүй. Боловсролын асуудал л зөвхөн манайд хамаатай гээд утааны талаар үг унагахгүй байх ёсгүй, Боловсрол, соёл шинжлэх ухааны яамныхаан. Оюутолгой л чухал байна гээд утааны асуудлыг түлхэж болохгүй Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхаан. Утаа бүгдэд хамаатай. Мөн хамтарч ажиллах шаардлагатай. Салбар болгоны сайдууд агаарын бохирдлыг бууруулахад үүрэг хүлээж, зохих түвшинд ахиц гаргах хэрэгтэй байна. Мөн нэг нэгнийхээ хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавьж, хийгээгүй бол шаардлага тавьж сурах нь зүйтэй мэт.

Юуны өмнө агаарын бохирдлыг шалтгааныг ул суурьтай тогтоох нь чухал аж. Үүнийг уншаад иргэд "шалтгааныг тогтоож ядах юу байна. Гэр хорооллынхон буруутай" гэж хэлэх байх. Тэгвэл гэр хороолол яагаад тэлээд байна. Энэ нь иргэдийн амьжиргаатай холбогдож байна уу. Орон сууц барилаа гэхэд орж чадах мөнгөтэй хүн байна уу, Яагаад хөдөөнөөс иргэд шилжиж ирээд байна. Орон нутагт амьдрахад юу болохгүй байна гэх зэргээр агаарын бохирдол олон салбар шалтгаанаас үүдэлтэй. Үнэхээр иргэдийн амьжиргаа дээшилж, орлоготой болохгүй бол тэд нүүрсээ түлсээр л байна. Орон сууцанд орох нь мөрөөдөл төдий болно. Тэгвэл энэ бүхнийг салбар бүрээр хамтарч ярилцах, шийдвэрлэх арга замыг тодорхойлох нь чухал аж. Үүнд манай сонин хувь нэмрээ оруулж, сэдэв болгон авч явна. Уншигч таны санал ч үнэтэй хувь нэмэр болно.